БАЯНБУЛАГ СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 

БАЯНХОНГОР - БАЯНБУЛАГ СУМ

Баянбулаг сум нь 1924 оны анхны хуваариар Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хүрээмарал уулын хошууны бүрэлдэхүүнд багтаж байсан 18 сумдаас Тэгшбуянт, Эрдэнэмандал хоёр сумыг нэгтгэн Баянбулаг уулын хормойд орших Хөдөө нуурын дэнж дээр сум болон төвлөрсөнөөр ”Баянбулаг” сум болсон түүхтэй.

Анх сумын төв нь хоёр эсгий гэртэй эхэлж байгуулагдсан бөгөөд энд сумын захиргаа төвлөрчээ. Сумын захиргааны анхны даргаар Гомбожавын Баяр гэгч эмэгтэй ажиллаж байв.Одоо тус суманд есөн жилийн дунд сургууль, цэцэрлэг, Б.Жамбалжамцын нэрэмжит хүний их эмчийн салбар, соёлын төв, харилцаа холбоо, ус цаг уурын станц зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд ажилладаг. Мөн ХААН банкны тооцооны төв, Төрийн банкны салбар ажиллаж байна.

Тус сумын нутагт тахилга шүтлэгтэй уулс олон. Тэдгээр уулс нь тус тусын сан магтаалтай, эзэн савдагтай гэдэг. Баянцагааны эзэн хөх чоно, Өндөр Өлзийт хайрханы эзэн савдаг нь хар буур хөлөглөж, нум сум агссан хар хүн, Баянбулаг хайрханы эзэн савдаг нь хүрэн халзан морь унасан, нум сум агссан, жад барьсан баатар эр байдаг гэлцдэг.

Цоргийн хавцал, Сангийн далай, Эмчийн мухар, Тостын мухар, Зүүн салааны эх, Бургасны эх, Их Элстий зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, Оцон хүрэнгийн агуй, Өврийн хатуугийн агуй зээрг агуй хонгилтой.

Өндрөөрөө 5 м, хөндлөн голч нь 30-аад м, боржин чулуун том хиргисүүр /Өндөр хиргисүүр гэдэг/, эртний домогт Дааган чулуу хэмээх онцгой содон ганц боржин хад, Хөшөө нуурын буган чулуу, Хангалын давааны өврийн хөшөө зэрэг эрт үеийн өвөг дээдсийн бүтээсэн дурсгалт түүхт газрууд олон.

Далайн түвшнээс дээш 3086-3259 м өндөрт өргөгдсөн Тост, Бургаст, Наран, Бугатын сүрлэг уулс, тахилга шүтлэгт Баянбулаг, Өндөр Өлзийт, Баянцагаан зэрэг үзэсгэлэн төгөлдөр хайрхан уулс бий.Тус сумын төв нь Баянбулаг, Далан, Тэгшбуянт гэсэн чандманалсан гурван уулын бэлчирт Хөдөө нуур, Бүрд булгийн хөвөөнд /далайн түвшнээс дээш 2242 м өндөрт/ оршдог. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 266, Улаанбаатар хотоос 886 км зайтай ажээ.

Хангайн нурууны өмнөд хэсэгт 317,0 /319,0/ мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Сумын нутгийн ихэнх нь өндөр уул нуруудаас тогтсон ч хөндий цайдмууд олон байдаг.

Сумын хилийн шугамын нийт урт нь 237 км, хойноосоо урагшаа 85,5 км, баруунаасаа зүүн тийшээ 75 км байна.

Баянбулаг сум нь хойт талаараа Завхан аймгийн Отгон сум, баруун талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, зүүн, зүүн хойт, урд талаараа Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Хүрээмарал сумтай хиллэдэг.

Сумын нутаг геологийн хувьд үлэмж нийлмэл тогтоцтой, эрдэс түүхий эдийн байдлаар нэлээд өвөрмөц шинжийг хадгалдаг билээ. Одоогоос гурван тэр бум жилийн тэртээ бүрэлдэн тогтсон Байдрагийн бичил тивийн дүүрэгт тус сумын нутаг дэвсгэр хамрагддаг. Эртний тогтоцтой Байдрагийн өргөгдлийг Монгол орны нутагт бус ерөөс Төв Азийн зулайд оршигч дэлхийн царцдас давхаргын нэгэн цөм хэмээн үздэг учиртай. Энэ утгаараа тус сумын нутаг нь Төв Азийн эртний эх тивийн гол цөмийг төлөөлсөн онцгой өвөрмөц газар мөн билээ.

Эрдэс, түүхий эдийн хувьд эрэл хайгуулаар батлагдсан нөөцтэй ашигт малтмалын орд газар одоогоор хараахан нээгдээгүй ч үнэт, өнгөт, хар металл, газрын ховор элемент, өнгөт эрдсийн хуримтлал, барилгын түүхий эдийн төрөл зүйл нилээдээр мэдэгдэж байна.

Тус нутагт эрт дээр үед бор гөрөөс элбэг, хээр талд цагаан зээрийн сүрэг багширч байсан гэдэг. Тарвагаар баян байсан бөгөөд ”социализмын үед” 12,0 мянган тарваганы арьс бэлтгэж байжээ. Үнэг, чоно, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, зурам, бор туулай зэрэг амьтадтай. Өндөр ууландаа цөөн тооны янгир, шилүүс амьдардаг.

Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, зуд гамшгийн давтамж ойр ойрхон болдог нь мал аж ахуйн үйлдвэрлэлд эрсдэл ихтэй байдаг. Ихэвчлэн нутгийн омгийн хонь, сарлаг үхэр өсгөн үржүүлдэг, Энэ нутгийнхан хэзээнээс нааш эдүгээ хүртэл бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар ашиглаж заншжээ.

 

ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ

Хойноос урагш сунасан байдалтай боловч төв хэсэгтээ 2 тийшээ нилээд өргөсч нийтдээ 317030 га талбайг эзлэн оршдог.  Сумын хилийн шугамын нийт урт 237 км, хойноос урагшаа 85.5 км, баруунаас зүүн тийшээ 75 км байна. 

            Тус сумын хамгийн өндөр цэг нь нутгийн баруун хойд хэсэгт орших Бугатын нуруу бөгөөд д.т.д 3251.9 м байдаг бол хамгийн нам цэг нь нутгийн зүүн өмнөд хэсэгт орших Эхэн мөрний эхэнд д.т.д 2000 м байдаг. 

Байгаль цаг уурын байдал тус сумын нутаг далайн  түвшнээс 1800-3200 метр өргөгдсөн 317030 га нутагтай, чулуурхаг, элсэрхэг, шаварлаг хөрстэй. 

2022-01-01 00:00:00