Баянбулаг сумын бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмадууд, ирээдүй хойч үе болсон залуу үеийнхэн Монгол орныхоо болоод тив дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Баянбулагчууд та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилэхийн сацуу та бүхэн минь эрүүл энх байж, айл бүрийн хойморьт аз жаргал гэрэлтэж, ашиг орлого нь арвин байж юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Миний бие Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргаар томилогдон 4 сар болж байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 2 дугаар хуралдаанаар 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг хэлэлцэн дүгнэж, сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсөв батлах зэрэг сум орон нутгийн бодлого төлөвлөлтийн нэн чухал асуудлуудыг хэлэлцэн баталсан.
Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны байгууллагын төлөвлөгөө болон бодлогын хороодын хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлж ажиллаж байна.
Цаашид төрийн байгууллагуудын ажил үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай үзүүлэхэд анхаарч мөн мал малчин хоёрын тавлаг байдлыг хангаж ажиллахыг зорьж байна.
Улсын нийслэл Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болох “БАЯНБУЛАГ ХӨГЖИЛ НЭГДЭЛ” бусад аймаг, хотод оршин суугаа иргэд болон эцэг өвгөдийн галаа манан суугаа нутгийн уугуул, суугуул иргэд та бүхнийг төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцож, орон нутгийнхаа давуу талд тулгуурлан сумаа хөгжүүлж, шинийг санаачилж, ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахуйц эдийн засгийг бий болгохын төлөө бидэнтэй хамтран ажиллахад энэхүү цахим сайт туслах болно.