Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор, Ардын багш Сэндэнжавын ДУЛАМ
С.Дулам 1950 оны 05 сарын 13-нд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын “Бүлээн” хэмээх газар төржээ. 1958-1962 онд Баянбулаг сумын бага сургууль, 1962-1968 онд Байдрагийн дунд сургуульд тус тус суралцаж төгссөн. 1968-1973 онд МУИС-д суралцаж “Монгол хэл уран зохиолын багш” мэргэжил эзэмшээд, 1973-2000 он хүтэл Монгол Улсын их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Монгол соёл иргэншил судлалын профессорын багийн ахлагч, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. Энэ хугацаанд 1985-1987 онд Франц улсын Дарисын Дорно дахины хэл иргэншлийн дээд сургуульд Монгол хэл, соёлын багшаар уригдан ажиллажээ.Мөн Францын Парисын X их сургууль, Страсбургийн их сургууль, Турын их сургууль, Германы Бонны их сургууль, Их Британийн Кембриджийн их сургууль, Италийн Ромын их сургууль, БНХАУ-ын Бээжингийн Төвийн үнэдстний их сургууль, Ланжоугийн баруун хойтын их сургуульд тут тус уригдан лекц уншиж байв.
1982 онд Москва хотод ОХУ-ын ШУА-ийн дорно дахины судлалын хүрээлэнд “Монгол домог зүйн дүр, утга зохиолын уламжлал” сэдвээр хэл бичгийн ухааны дэд докторын зэрэг, 1997 онд “Монгол аман зохиол” утга зохиол дахь бэлгэдэл зүйн тогтолцоо” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалжээ. Тэрээр 1982 онд дэд профессор, 2003 онд профессор цол хүртжээ.
ШУА-ийн Нийгмийн ухааны бага чуулганы гишүүн.
“Монгол домог зүй” “Бэлгэдэл зүй” “Бөө мөргөл” зэрэг сэдвээр голлон ажиллаж гадаад, дотоодод 30 гаруй ном, 10 сурах бичиг, “Монгол соёлын чуулган” 15 боть , эрдэм шинжилгээний 130 гаруй өгүүлэл нийтлүүлж, өөрийн орны болон олон улсын хуралд 50 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. С.Дуламын доктор Ц.Хасбатартай хамтран бичсэн “Уран зохиолын онолын үүд” (1980) сурах бичиг нь манай утга зохиолын нэгэн үеийг хүмүүжүүлсэн билээ.
2023-03-03 00:00:00