ГАЗАР ЗҮЙ

Газарзүй

Далайн түвшнээс дээш 3086-3259 м өндөрт өргөгдсөн Тост, Бургаст, Наран, Бугатын сүрлэг уулс, тахилга шүтлэгт Баянбулаг, Өндөр Өлзийт, Баянцагаан зэрэг үзэсгэлэн төгөлдөр хайрхан уулс бий.Тус сумын төв нь Баянбулаг, Далан, Тэгшбуянт гэсэн чандманалсан гурван уулын бэлчирт Хөдөө нуур, Бүрд булгийн хөвөөнд /далайн түвшнээс дээш 2242 м өндөрт/ оршдог. Сумын төв нь мөнх цэвдэгтэй газар байрладаг ба аймгийн төвөөс 266, Улаанбаатар хотоос 886 км зайтай ажээ.

Хангайн нурууны өмнөд хэсэгт 317,0 /319,0/ мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Сумын нутгийн ихэнх нь өндөр уул нуруудаас тогтсон ч хөндий цайдмууд олон байдаг.

Сумын хилийн шугамын нийт урт нь 237 км, хойноосоо урагшаа 85,5 км, баруунаасаа зүүн тийшээ 75 км байна.

Баянбулаг сум нь хойт талаараа Завхан аймгийн Отгон сум, баруун талаараа Говь-Алтай аймгийн Дэлгэр сум, зүүн, зүүн хойт, урд талаараа Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Хүрээмарал сумтай хиллэдэг.

Сумын нутаг геологийн хувьд үлэмж нийлмэл тогтоцтой, эрдэс түүхий эдийн байдлаар нэлээд өвөрмөц шинжийг хадгалдаг билээ. Одоогоос гурван тэр бум жилийн тэртээ бүрэлдэн тогтсон Байдрагийн бичил тивийн дүүрэгт тус сумын нутаг дэвсгэр хамрагддаг. Эртний тогтоцтой Байдрагийн өргөгдлийг Монгол орны нутагт бус ерөөс Төв Азийн зулайд оршигч дэлхийн царцдас давхаргын нэгэн цөм хэмээн үздэг учиртай. Энэ утгаараа тус сумын нутаг нь Төв Азийн эртний эх тивийн гол цөмийг төлөөлсөн онцгой өвөрмөц газар мөн билээ.

Эрдэс, түүхий эдийн хувьд эрэл хайгуулаар батлагдсан нөөцтэй ашигт малтмалын орд газар одоогоор хараахан нээгдээгүй ч үнэт, өнгөт, хар металл, газрын ховор элемент, өнгөт эрдсийн хуримтлал, барилгын түүхий эдийн төрөл зүйл нилээдээр мэдэгдэж байна.

Ан амьтан 

Тус нутагт эрт дээр үед бор гөрөөс элбэг, хээр талд цагаан зээрийн сүрэг багширч байсан гэдэг. Тарвагаар баян байсан бөгөөд ”социализмын үед” 12,0 мянган тарваганы арьс бэлтгэж байжээ. Үнэг, чоно, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, зурам, бор туулай зэрэг амьтадтай. Өндөр ууландаа цөөн тооны янгир, шилүүс амьдардаг.

Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай, зуд гамшгийн давтамж ойр ойрхон болдог нь мал аж ахуйн үйлдвэрлэлд эрсдэл ихтэй байдаг. Ихэвчлэн нутгийн омгийн хонь, сарлаг үхэр өсгөн үржүүлдэг, Энэ нутгийнхан хэзээнээс нааш эдүгээ хүртэл бэлчээрийг жилийн дөрвөн улирлаар ашиглаж заншжээ.

2022-01-05 00:00:00