УИХ-ЫН ГИШҮҮН, ЗГ-ЫН ГИШҮҮН, ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат, Засаг даргын орлогч Б.Наранбаяр, Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхбат нар 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэд, малчид, Төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд хөдөлмөрчдөд Б.Батцэцэг сайд Төр засгийн бодлого шийдвэр, Монгол Улсын гадаад бодлого, өөрийн хийж хэрэгжүүлж буй ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тэрээр хэлсэн үгэндээ "Сумын иргэд малын гаралтай түүхий эд, тэр дундаа арьс шир боловсруулах дунд оврын үйлдвэртэй болох, сумын эмнэлгийг өргөтгөн сайжруулах, спортын танхим, цэцэрлэгийн шинэ барилга байгуулах зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд чиглэсэн олон чухал хүсэлт, санал хэллээ. Эдгээр нь нэг сумын төдийгүй бүс нутгийн тогтвортой хөгжлийн суурь болохуйц санаачилгууд юм.

Та бүхнийгээ төлөөлөн хангайн бүсээс сонгогдсон гишүүний хувьд иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, орон нутгийн хөгжил дэвшилд чиглэсэн төсөл, хөрөнгө оруулалтыг бодит ажил болгох нь миний хариуцлагатай үүрэг. Тиймээс Баянбулаг сумынхны дэвшүүлсэн эдгээр болон бусад саналуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно. Мөн 2024 оны зургаадугаар сард батлагдсан Малчны тухай хуульд туссан малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх заалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын хүн амын тоонд хэт баригдалгүй, бодит хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай хуваарилдаг тогтолцоог өөрчлөх шаардлагатай нь уулзалтын үеэр тодорхой харагдлаа. Эдгээр асуудлыг хууль тогтоох түвшинд нухацтай авч үзэж, шаардлагатай шийдлүүдийг гаргахын төлөө парламентын индрээс дуу хоолойгоо хүргэх болно" гэж хэлсэн юм.

Уулзалтын үеэр:

✅Сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад буурлууд, иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медалиар шагнагдсаныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат нар гардууллан өглөө.

✅Баянхонгор аймгийн Засаг Дарга Э.Энхбат сумын Соёлын төвд лед дэлгэц шийдвэрлэж өгөхөөр боллоо.

✅ Тус сумын иргэн Г.Мягмарсүрэнд дэмжлэг болгон Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг шинэ тэргэнцэр олгож, сумын номын санд 1.0 сая төгрөгийн ном хандивлав.

✅ Мөн МУСГЗ, МУ-ын Начин С.Эрхэмбаяр, Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрийн уран бүтээлчид, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хүү Ганбатын Соджамц нар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

2026-01-12 00:00:00