ГАЗАРЗҮЙН УХААНЫ ДОКТОР (Ph.D), профессор Должингийн ДАШ

ГАЗАРЗҮЙН УХААНЫ ДОКТОР (Ph.D), профессор Должингийн ДАШ

1957 оны 11 сарын 22-нд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутаг Жинстийн арын “Дэлийн бууц” хэмээх газар төржээ. 1965-1973 онд Баянбулаг сумын дунд сургууль, 1973-1975 онд Байдрагийн 10 жилийн дунд сургуулийг тус тус төгссөн. 1975-1979 онд МУИС-д сургалцаж газарзүйч, газарзүйн багш мэргэжлийг эзэмшсэн. 1997 онд БНХАУ-д”Байгаль орчны хамгаалалт” сэдэвт , 2000 онд ОХУ-д “Байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ” сэдэвт олон улсын курст тус тус суралцаж төгссөн.  Тэрээр 1999 онд “Их Нууруудын хотгорын элсэн хуримтлалын ландшафтын төлөв байдал,  байгаль хамгааллын асуудал” сэдвээр  газарзүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. 2004 онд МУБИС-ийн дэд профессор, 2014 онд профессор цол хүртсэн.

Д.Даш нь 1979 оноос Газарзүйн хүрээлэнгийн физик газарзүйн секторт Э/г-ний дадлагажигч ажилтан,  1983 оноос дэд ажилтан, 1990 оноос эрдэм шинжилгээний ажилтан,  1994 оны 05 сараас физик газарзүйн салбар, лабораторийн эрхлэгч, 2000 оноос Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Д.Даш нь эрдэм шинжилгээний байгууллагад  тасралтгүй 35 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ландшафт, цөлжилт, байгаль хамгааллын чиглэлээр гүйцэтгэсэн судалгаанхыхаа үр дүнгээс ном, нэгэн сэдэвт зохиол, товхимол 16-г дангаараа болон бусадтай хамтран бичиж хэвлүүлжээ. Мөн судалгааны үр дүнгээс үйлдвэрлэлд 40  ажил шилжүүлж,  20 орчим ном редакторлаж, 10 гаруй зураг зохиож, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний  бага хурал, симпозиумд 50 орчим илтгэл тавьж хэлэлцүүлсний зэрэгцээ 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, илтгэлийн хураангуйг дангаараа болон бусадтай хамтран бичиж гадаад, дотоодын бүтээлд нийтлүүлжээ. Мөн сурталчилгааны өгүүлэл 30 гаруйг бичиж төвийн сонин, сэтгүүлд хэвлүүлсэн байна. Судалгааны ажлын эдгээр үр дүн нь Дашийн судалгаа, шинжилгээний ажлын арга зүй эзэмших, ур чадвараа дээшлүүлэх талаар шаргасан ахиц дэвшлийг илэрхийлэх үзүүлэл бөгөөд түүний зохиосон ландшафтын зураг болон монгол орны ландшафт, физик газарзүй, байгаль хамгааллын онол, аргазүйн асуудлыг хөндсөн төдийгүй их, дээд сургуулийн газарзүйн сургалтанд энэ чиглэлийн хичээлийн гол хэрэглэгдэхүүн болон ашиглагдсаар байгаа билээ.

Д.Даш нь  2001-2003 онд “Говь, хээрийн бүс нутгийн цөлжилтийг сааруулах шинжлэх ухаан технологийн үндэс” төслийн удирдагч, 2005-2007 онд “Монгол орны ландшафтын ангилал, зураглал, үндсэн шинж” суурь судалгааны сэдэвт ажлын удирдагч, 2008-2010 онд “Тариалан бүхий нутгийн ландшацт, түүний экологи” сэдэвт ажлыг тус тус удирдан амжилттай хэрэгжүүлсэн байна.

Д.Даш нь 1997 оноос эхлэн МУБИС-ийн Газарзүй- Аялал жуулчлал, Газарзүй-байгаль шинжлэлийн төгсөх курсийн оюутнуудад “Монгол орны физик газарзүйн онол, практикийн асуудал”, “Рекреацийн газарзүй” зэрэг хичээлүүдийг зааж иржээ.

Энэ хугацаанд оюутны курс,  дипломын ажлын зэрэгцээ  8 докторын, 17 магистрын эрдмийн ажлыг удирдан хамгаалуулжээ.

Д.Даш нь 2002-2007 болон 2013 оноос УБИС-ийн дэргэдэх газарзүйн мэргэжлээр магистр хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2008 оноос эхлэн МУИС-ийн дэргэдэх Газарзүйн мэргэжлээр магистр хамгаалуулах зөвлөлийн гишүүн, ХААИС-ийн аялал жуулчлалын болон газар зохион байгуулалтын мэргэжлээр магистр хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.

Д.Дашийн хөдөлмөр бүтээлийг төр, засгаас үнэлж БОЯ-ны Хүндэт жуух бичиг, Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан цол, тэмдэг, хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнаж байв.

Мөн 2005 онд Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн 35 жилийн ойн үеэр  ОХУ-ын ШУА-ийн диплом, хүндэт тэмдгээр шагнуулжээ.

2023-02-09 00:00:00