Өвөлжөө, Хаваржааныхаа бууцны хөлд ногоон тэжээл тарих арга :
Малчид өвөлжөө,хаваржааны бууцны хөлд хошуу будааг ногоон тэжээлийн зориулалтаар 0.3-1 га хүртэлх талбайд гараар тариалж,энгийн аргаар өртөг багатай шимт чанар сайтай малын тэжээл бэлтгэх боломжтой.
~ Талбай сонгож бэлтгэх:
Хавар 5-р сард хаваржаанаас нүүхээс өмнө өвөлжөө, хаваржааны бууцны хөлд ногоон тэжээл тариалах талбайг сонгоно.
БУУЦНЫ ХӨЛ ГЭДЭГ НЬ : малын хашаанаас гадагш эргэн тойронд байгаа,бууцажсан талбайг хэлнэ. Бууцажсан талбайн хөрс нь хөвсгөр сул байдаг учир хагалж боловсруулахгүйгээр тариалах боломжийг бүрдүүлдэг. Бог малын бууц илүү тохиромжтой. Сонгосон талбайгаа малын хөлөөс хамгаалж хашиж хамгаална. Талбайн элдэв,хог хаягдлын сайтар цэвэрлэн,хог ургамлыг устгана. Малын баас,аргал,хөрзөнг буталж, нунтаглаад, малтуураар талбайг сайтар тэгшилнэ.
~ Тариалах арга:
Талбайд үрийг мөрлөх,тоонолжлон,цацах аргаар тариална.
~ Мөрлөх арга:
Талбайн 15см-ийн зайтай мөр татаж, үр суулгах ховил гарган, үрийг гараар жигд цувуулан, 6-8см гүнд тарина.
~ Тоонолжлон тариалах арга:
Тариалах талбай багатай газар талбайн ашиглалтыг сайжруулах зорилгоор энэ аргыг хэрэглэнэ. Мөрлөх аргаар тариалалт хийсний дараа тарилтын хөндлөн чиглэлд дахин мөрлөж, ховил татаад үр суулгана. Тооногжлон тариалахад 1га-д орох үрийн нормыг 25-30 хувиар ихэсгэж тариална.
~ Цацах арга:
Чийгийн хангамж хэрэгцээтэй, хог ургамал бага ургадаг газар энэ арга тохиромжтой. Сайтар тэгшилсэн талбайд үрийг гараар жигд цацаад, дээр нь 4-6см зузаан бууц, шороогоор булж, хөрсийг нягтруулна.
~ Тариалах хугацаа:
Бууцны хөлд ногоон тэжээлийг хог ургамал ургахаас өмнө 5-р сарын сүүлчээр тариалах хэрэгтэй.
~ Тарих үрийн норм, гүн:
Бууцны хөлд ногоон тэжээлийн зориулалтаар хошуу будааг 100м2 талбайд 1.6-1.8кг, 1000м2 талбайд 16-18кг, 1га талбайд 160-180кг үр орохоор тооцож тариалахад 1000м2 талбайгаас 400кг, 1га талбайгаас 4тн ургац хураан авах боломжтой бөгөөд энэ нь 6-8см гүнд суулгана. Чийгийн хангамж сайтай талбайд тариалах гүнийг 1-2см-ээр багасгаж, хар салхи их шуурдаг чийг багатай газар гүн тариална. Үрийг гүехэн суулгавал ганд амархан, өртөж, соёололт буурах ба хэт гүн суулгавал соёололт удааширч ургац буурдагийг анхаарах хэрэгтэй.
~ Арчилгаа:
Тарьсны дараа талбайн хог ургамлыг тогтмол устгаж, гандуу жил 2-3 удаа услах шаардлагатай. Чийг сайтай хөрсөнд тариалснаас хойш 6-7 хоногийн дараа соёолж, 8-р сарын сүүлээр цэцэглэнэ.
~ Хураалт:
Бууцны хөлд төриалсан хошуу будааг цэцэглэлтийн үед хадаж мөрөн дээр нь 2-3 хоног хатаасны дараа бухалдаж өвөлжөө, хаваржааны өвсний хашаанд тусад нь багахан нуруу хийж хадгална. Ногоон тэжээлийг өвөл, хавар сульдаж доройтсон мал, нялх төлд өгөхөд хамгийн сайн тэжээл болно.